top of page

АНУ-Д БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД НЭН ТҮРҮҮНД ТАНЫ МЭДЭХ ЗҮЙЛС

Updated: Feb 25

АНУ-д бизнес эхлүүлэх нь маш том боломж боловч хууль, татвар, тайлан гаргах зэрэг хариуцлагатай үйл явцын эхлэл юм. Хэрэв та АНУ-д бизнесээ амжилттай авч явахыг хүсэж байгаа бол дараах суурь мэдлэгийг нэн түрүүнд зайлшгүй ойлгох шаардлагатай.

eVendow Consulting Firm-ийн зүгээс багагүй олон Монгол харилцагчиддаа бизнесийн анхан шатны зөвлөгөө мэдээллийг олгож, тухайн мужуудад бүртгэлийг үйлдэх зэргээр хамтран ажилладаг билээ.

Бид 2025 онд тус үйлчилгээг илүү өргөжүүлж, нэмэлт консалтингийг үр дүнтэй өгч ажиллахаар хичээж байгаагаа дуулгаж, тус бичвэр нь энэхүү ажлын нэг хэсэг болж байгаад баяртай байна.

Багагүй олон Монгол үүсгэн байгуулагчидтай Америк бизнесүүд амжилттай үйл ажиллагаа эрхэлж байгаа ч шинэхэн үйл ажиллагаагаа эхлүүлэхийг зорьж буй та бүхэнд дараах мэдээлэл суурь мэдлэг өгнө гэж итгэж байна.



БИЗНЕСИЙН ТАТВАРЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

АНУ-д бизнес эрхэлж буй бүх хүмүүс жил бүр татварын тайлан гаргах үүрэгтэй байдаг. Танай бизнесийн татвар хэрхэн тооцогдох нь бизнесийн бүтэц, орлогын түвшин, мужийн татварын бодлого зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.

Бизнесийн бүтэц ба татвар

Таны бизнес дараах хэлбэрийн бүтцүүдтэй байх боломжтой ба түүнтэй уялдсан татварын бодлого хэрэгждэг.

  • Хувиараа бизнес эрхлэгч (Sole Proprietor) болон Нэг гишүүнтэй ХХК (Single-Member LLC) – Хувийн татварын тайландаа "Form 1040, Schedule C" мэдүүлэг ашиглан орлогоо нэгтгэж тайлагнана.

  • Түншлэл (Partnership) болон Олон гишүүнтэй ХХК (Multi-Member LLC) – Form 1065 гэх мэдүүлгийг бөглөж, тус бүрийн орлогыг хувь эзэмшигчид нь тайлагнана.

  • ХК (C-Corporation) – Байгууллага өөрийн бие даасан татварын тайлан (Form 1120) гаргаж, 21%-ийн тогтмол татвар төлнө.

  • S ХК (S-Corporation) – Орлого хувьцаа эзэмшигчдэд шууд хуваарилагдаж, хувь хүний татварын түвшинд ногдоно ба Form 1120S мэдүүлэг илгээж тайланг мэдүүлнэ.


Татварын тайлан мэдүүлэх хугацаа:

  • Ихэнх бизнесүүд – 4-р сарын 15-ны дотор тайлангаа гаргана.

  • Түншлэл болон S-Corp – 3-р сарын 15-ны дотор гаргана.

  • Тайлан өгөх хугацаа сунгах боломжтой, гэхдээ урьдчилсан төлбөр төлөх болон мэдүүлэг илгээх шаардлагатай.

Зөвлөмж: Татварын тайланг хувь хүн, албан байгууллага өөрсдөө бие даан мэдүүлэх болон татвараа хэрхэн тооцох тал дээр CPA буюу мэргэшсэн нягтлан бодогчтой зөвлөлдөж үйлчилгээг авах, эсвэл QuickBooks, TurboTax гэх мэт санхүүгийн программ ашиглах зэрэг боломж нээлттэй байдаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл: АНУ-ын татварын алба (IRS)


ТӨРИЙН АЛБАН ТАТВАР БА МУЖИЙН ТАТВАРЫН ОНЦЛОГ

АНУ-ын муж бүр бизнесийн татварт харилцан адилгүй бодлого баримталдаг.

Хэрэв таны бизнес Флорида, Техас, Невада, Вашингтон, Өмнөд Дакота, Вайоминг эсвэл Аляскад бизнес эрхэлж байгаа буюу бүртгэлтэй бизнесийн орлогын татвар муждаа төлөхгүй.

Харин Калифорни, Нью-Йорк, Нью Жерси зэрэг өндөр татвартай мужуудад бизнесийн татвар харьцангуй өндөр байдаг.

Хэрэв та бараа, бүтээгдэхүүн борлуулдаг бол тухайн мужийн бараа борлуулалтын татвар (Sales Tax) төлөх шаардлагатай байж болно.

Мужын татварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: АНУ-ын Татварын Холбоо (Federation of Tax Administrators)


ЖИЛ БҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ГАРГАХ (ANNUAL REPORT)

Ихэнх мужуудад ХХК болон ХК-ууд жил бүр эсвэл хоёр жил тутам албан ёсны тайлан (Annual Report) гаргах үүрэгтэй байдаг. Энэ нь татварын тайлангаас тусдаа ба үйл ажиллагааны талаарх тайлан мэдээ хэмээн ойлгох боломжтой.

Хугацаа:

  • Ихэнхдээ анх бүртгэл хийсэн өдрийн жилийн ойг тохиолдуулан тайлан гаргадаг.

  • Зарим муж улс хоёр жил тутам тайлан гаргахыг шаарддаг.

Төлбөр:

  • Муж улсаас хамаарч $50-$300 хооронд хэлбэлзэнэ.

  • Хугацаандаа гаргаагүй тохиолдолд торгууль ногдох эсвэл бизнес тань хүчингүй болох эрсдэлтэй.

Жил бүрийн тайлан гаргах тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах: АНУ-ын төрийн байгууллагын вэбсайт


Зөвлөмж: Бидний туршлагаар олон бизнесүүд АНУ-д бүртгэлээ амжилттай хийсэн хэдий ч мэдээллийн дутмагшлаас хамаарч, тус тайланг өгөх үүрэгтэй эсэхийг мэдэлгүй хугацаа хэтрүүлэх зэрэг асуудлууд тулгардаг тул та бүхэн тухайн мужийнхаа сайт руу хандаж өөрийн компанийн мэдээллийг шалгаж, тайлангаа илгээх шаардлагыг хангаж буй эсэхээ тогтоохыг зөвлөж байна.


Registered Agent буюу Албан Ёсны Төлөөлөгч – Яагаад Шаардлагатай Вэ?

АНУ-д бүх ХХК (LLC) болон ХК (Corporation) нь Registered Agent буюу Албан Ёсны Төлөөлөгчтэй байх хуулийн шаардлагатай. Энэ нь төрийн байгууллагууд болон шүүхийн тогтолцоо тухайн аж ахуйн нэгжтэй найдвартай харилцах боломжийг бүрдүүлэхэд зориулсан зохицуулалт аж.


Яагаад Registered Agent заавал байх ёстой вэ?

Хуулийн шаардлага – АНУ-ын бүх муж улсуудад LLC болон Corporation нь Registered Agent-тэй байхыг хуульчилсан.

Хууль эрх зүйн бичиг баримт хүлээн авах – Хэрэв таны бизнес шүүхийн маргаан эсвэл төрийн байгууллагын мэдэгдэл хүлээн авах шаардлагатай бол Registered Agent нь албан ёсны холбоо барих цэг болдог.

Төрийн байгууллагуудтай холбоотой байх – IRS (татварын алба), Төрийн нарийн бичгийн газар, бусад төрийн агентлагууд бизнесийн татвар, лиценз, тайлан зэрэг мэдээллийг таны Registered Agent-р дамжуулан илгээдэг.

Хугацаа хэтэрсэн эсвэл алдаатай бүртгэлийн улмаас торгууль, хариуцлага хүлээхээс сэргийлэх – Хэрэв бизнес нь шүүхийн маргаан эсвэл төрийн байгууллагуудын бичиг баримт хүлээн аваагүй бол торгууль, шүүхийн шийдвэр гарч болзошгүй. Registered Agent нь ийм мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч танд хүргэдэг.

Registered Agent-ийн Үндсэн Шаардлагууд

Дотоод дахь хаягтай байх – Registered Agent нь тухайн мужид бодит хаягтай байх ёстой (P.O. Box ашиглах боломжгүй).

Ажлын цагаар бэлэн байх – Шүүхийн болон төрийн байгууллагын мэдэгдлийг ажлын цагаар хүлээн авах чадвартай байх ёстой.

Гуравдагч этгээд байх шаардлагатай – Компани нь өөрөө өөрийнхөө Registered Agent болж болохгүй. Гэхдээ бизнес эрхлэгч хувь хүн өөрөө өөрийн бизнесийн Registered Agent болж болно, хэрэв тухайн муж улсад хаягтай бол. Гэвч өөрөөр зохицуулагдсан муж байдаг тул тухай тухайн мужийн хууль дүрмийг лавшруулж ажиллахыг зөвлөж байна.


Registered Agent-ийн Сонголтууд

Компани эзэмшигч эсвэл ажилтан – Хэрэв та тухайн муж улсад бизнес эрхэлж байгаа бол өөрөө энэ үүргийг гүйцэтгэж болно.

Гэр бүл, найз эсвэл итгэлтэй хүн – Муж улсад хаягтай, ажлын цагаар баримт бичиг хүлээн авч чадах хүн байж болно.

Registered Agent үйлчилгээ үзүүлэгч мэргэжлийн байгууллага – Олон бизнес эрхлэгчид мэргэжлийн үйлчилгээ ашиглахыг илүүд үздэг. Энэ нь илүү найдвартай, хувийн мэдээллээ хамгаалах, олон муж улсад бизнес эрхэлж буй тохиолдолд хялбар байх давуу талтай.

Үйлчилгээний үнэ: Registered Agent үйлчилгээ нь жилд $150-$300 орчим харилцан адилгүй байдаг.


EVENDOW ТАНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ БОЛОМЖТОЙ

Evendow нь АНУ-д бизнес эрхлэх хүсэлтэй хувь хүмүүс, байгууллагыг дэмжих эко системийг бүрдүүлэхийг зорьж ажилладаг билээ. 

Бид та бүхэнд Компани байгуулах, мужийн бүртгэлд бүртгүүлэхэд туслах боломжийг бүрдүүлсэн үйлчилгээ байдаг гэдгийг үүгээр дуулгахдаа таатай байна.

Мөн та өөрөө үнэ төлбөргүйгээр бие даасан бүртгэл хийх бүрэн боломжтой байдаг ба эсвэл хүсвэл мэргэжлийн агентлагийн тусламж авах байдлаар гүйцэтгэдэг байна.

Хэрэв та Татвар, нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө авах шаардлагатай бол бид мэргэшсэн CPA, нягтлан бодогчдыг зөвлөх боломжтой байдаг.


Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол admin@evendow.com хаягаар бидэнтэй холбогдоно уу. Мөн бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудын хүсэлтийг тогтмол хүлээн авч байна.


Та бүхний бизнест өндөр амжилт хүсье!



Энэхүү бичвэр нь мэдлэг түгээх зорилготой бөгөөд татвар эсвэл хуулийн зөвөлгөө биш юм

Comentários

Avaliado com 0 de 5 estrelas.
Ainda sem avaliações

Adicione uma avaliação
bottom of page