top of page

Орогнол (Asylum) гэж юу вэ? АНУ-д орогнолын эрхийг хүсэхтэй холбоотой мэдэх зүйлсийн талаар.

Updated: Feb 14

АНУ бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон мянган хүний хувьд аюулгүй байдал, шинэ эхлэл хайсан газар гэгддэг билээ. Сүүлийн жилүүдэд улс төр, нийгэм, хууль эрх зүйн өөрчлөлтүүдийн улмаас орогнол хүсэгчдийн тоо ихээхэн хэлбэлзэж байна.

Энэ удаагийн нийтлэлд eVendow Consulting Firm-ийн хууль судлаачид та бүхэнд АНУ-д хүний эрхийн үндэслэлтэйгээр орогнол хүсэх замаар оршин суух хүсэлт гаргагчдын талаарх суурь ойлголт өгөх мэдээлэл, мөн Монгол иргэдийн талаарх онцлох тоон баримтуудыг хүргэж байна.


Орогнол хүсэх нь хууль ёсны цагаачлалын нэг хэлбэр бөгөөд тодорхой шаардлагуудыг хангасан тохиолдолд АНУ-д байнгын оршин суух (ногоон карт) авах боломжийг олгодог.


Орогнол (Asylum) гэдгийг хэрхэн ойлгох вэ?

Орогнол гэдэг нь гадаадын иргэд өөрийн эх орондоо эргэн очих боломжгүй, эсвэл аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд АНУ-аас хууль ёсны хамгаалалт хүсэх эрх юм. АНУ-ын Цагаачлалын Хууль (Immigration and Nationality Act, INA)-ийн дагуу, орогнол хүсэгчид дараах үндэслэлүүдийн аль нэгийг хангах ёстой:

  • Арьсны өнгө

  • Шашин шүтлэг

  • Үндэс угсаа

  • Тодорхой нийгмийн бүлгийн харьяалал

  • Улс төрийн үзэл бодол

Хэрэв дээрх үндэслэлээр эх орондоо хавчлага, дарамт шахалттай тулгарсан эсвэл тулгарах бодит аюултай бол АНУ-д орогнол хүсэх боломжтой.

Орогнолыг зөвхөн АНУ-д биечлэн байх үедээ, мөн АНУ-ын иргэн биш тохиолдолд энэ өргөдлийг гаргах боломжтой.


АНУ-д Орогнолын  хүсэлт хэрхэн гаргах вэ?

Өргөдөг гаргагч нь АНУ-д хамгийн сүүлд ирсэн өдрөөс хойш нэг жилийн дотор орогнол хүсэх өргөдлөө гаргах ёстой. Харин дараах нөхцөлүүдийн улмаас хугацаа хэтэрсэн бол үндэслэлтэй тайлбар өгөх хэлбэрээр хүсэлтээ илгээх боломжтой:

  • Таны орогнол авах эрхийг бодитоор өөрчилсөн нөхцөл байдал

  • Өргөдөл гаргахад саад болсон онцгой нөхцөл байдал




Орогнол хүсэх үйл явц нь хоёр төрлийн процессоор явагддаг:

1. Affirmative Asylum – USCIS-аар (Иргэншил цагаачлалын алба) дамжуулан шийдвэрлэх

Хэн хүсэх вэ?

  • АНУ-ын нутаг дэвсгэрт хууль ёсоор эсвэл хууль бусаар орж ирсэн хүн.

  • АНУ-д орж ирснээс 1 жилийн дотор хүсэлт гаргах ёстой.

Хүсэлт гаргах алхмууд

1-р алхам: USCIS-д Form I-589 (Application for Asylum and for Withholding of Removal) бөглөж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлнэ.

2-р алхам: Хүсэлтээ USCIS-д шуудангаар эсвэл онлайнаар илгээх. 

3-р алхам: USCIS-аас хурууны хээ авах цаг товлох бөгөөд өргөдөл гаргагчдын backround мэдээллийг шалгана.

4-р алхам: Орогнолын ярилцлага – USCIS-ийн оффист асуулт, хариулт бүхий ярилцлагад орно.

5-р алхам: USCIS шийдвэр гаргана:

  • Зөвшөөрөгдвөл: Орогнох эрх олгож, 1 жилийн дараа ногоон карт мэдүүлэх боломж нээгдэнэ.

  • Татгалзвал: Орогнолын шүүх (EOIR)-д шилжиж, хамгаалалтын орогнолын (Defensive Asylum) процесс эхэлнэ.

2. Defensive Asylum – Шүүхээр дамжуулан шийдвэрлэгдэх

Хэн хүсэх вэ?

  • АНУ-ын хил дээр баригдсан эсвэл АНУ-д цагаачлалын шүүхийн үйл явцад орсон хүн.

  • Цагаачлалын шүүхийн ажиллагааны явцад өөрийгөө албадан гаргуулахгүйн тулд орогнол хүсдэг.

Хүсэлт гаргах алхмууд

1-р алхам: АНУ-ын Цагаачлалын Шүүх (EOIR)-д Form I-589 бөглөж илгээх.

2-р алхам: Шүүхийн үйл явцын явцад өмгөөлөгч хөлслөх нь чухал.

3-р алхам: Шүүхийн өмнө нотлох баримт гаргах, нотлох баримтаа нотлох, тайлбар өгөх.

4-р алхам: Шүүгч орогнол олгох эсэхийг шийдвэрлэнэ.

  • Зөвшөөрөгдвөл: Орогнол олгож, АНУ-д байнга оршин суух боломжтой болно.

  • Татгалзвал: Албадан гаргах шийдвэр гарах боломжтой.


Хэрвээ та тус хүсэлтийг өөрөө бие даан гардан хийж мэдүүлж байгаа бол ямар ч хураамж төлөхгүй буюу зардалгүй юм. Харин консалтинг фирм эсвэл хуульч хөлслөн хамтран ажиллаж байгаа бол харилцан адилгүй байдлаар ажлын хөлс гардаг байна.

Гэр бүлийн гишүүдийг өргөдөлдөө оруулах:

Хэрэв таны эхнэр/нөхөр болон хүүхдүүд АНУ-д биечлэн байвал тэднийг таны орогнолын өргөдөлд нэмж оруулах боломжтой. Үүнийг өргөдөл гаргах үедээ эсвэл шийдвэр гарахаас өмнө хүсэлт гаргаж болно. Хүүхдээ өргөдөлд оруулахын тулд тэр 21 нас хүрээгүй, гэрлээгүй байх шаардлагатай ба та хууль ёсны гэрлэлтийн гэрчилгээтэй байх шаардлагатай.


Ажил эрхлэх зөвшөөрөл авах (EAD)

Ажил эрхлэх зөвшөөрлийн бичиг баримт (EAD) авахын тулд I-765 маягтыг бөглөж, Ажил эрхлэх зөвшөөрөл авах өргөдөл гаргах шаардлагатай. 

Орогнолын өргөдөл хүлээгдэж байх хугацаанд (Pending Asylum Application)

  • Орогнолын өргөдөл 180 хоног хүлээгдэж байгаа тохиолдолд та ихэвчлэн EAD авах эрхтэй болно.

  • I-765 маягтыг орогнолын өргөдлөө өгснөөс 150 хоногийн дараа өгөх боломжтой.

  • Гэхдээ та зөвхөн өргөдөл тань нийт 180 хоног хүлээгдсэний дараа EAD хүлээн авах эрхтэй болно. Үүнийг 180 хоногийн орогнолын EAD цаг гэж нэрлэдэг.


Ногоон карт (Green Card) авах

Орогнол хүссэн өргөдөл зөвшөөрөгдсөнөөс хойш 1 жилийн дараа та ногоон карт хүссэн мэдүүлгээ илгээх боломжтой. Үүний тулд I-485 маягтыг бөглөж, статус өөрчлөх өргөдөл гаргана. Өөрийн болон таны орогнолын дагалдагч болж зөвшөөрөл авсан гэр бүлийн гишүүн тус бүрийн төлөө тусдаа I-485 маягтын багц илгээх шаардлагатай байдаг. Тус маягтыг хянан шалгаж хариу гарах хугацаа тухайн ачааллаас хамаарч тооцогдох ба энэ бол хамгийн сүүлийн шат бөгөөд та ногоон карттай болж буй хэрэг юм.

Харин Худал мэдээлэл өгсөн нь нотлогдвол орогнолын хүсэлтийг татгалзаж, ирээдүйд АНУ-д орж ирэх эрх хасагдаж болзошгүй. 


АНУ-Д ОРОГНОЛ ХҮССЭН ТАЛААР СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

2023 оны байдлаар АНУ-д орогнолын эрх амжилттай авсан болон хүлээлгэнд байгаа хүний тоо:

  • 54,350 хүн орогнол авсан

  • 2.6 сая гаруй орогнолын хүсэлт шийдвэр хүлээж байгаа

Монгол иргэдийн статистик (2023 он, DOJ-ийн мэдээлэл):

  • 117 Монгол иргэн АНУ-д орогнол хүссэн

  • 24 хүн (21%) орогнол авсан

  • 13 хүний хүсэлтийг татгалзсан

  • 80 хүн шийдвэр хүлээж байгаа эсвэл татгалзсан

АНУ-д орогнол хүсэх нь хууль эрх зүйн төвөгтэй, урт хугацааны үйл явц юм. Монгол иргэдийн хувьд амжилттай орогнол авах магадлал бага тул мэргэжилтнүүд, хуульчаас зөвлөгөө авч, бүх нотлох баримтыг сайтар бүрдүүлэх нь чухал. 


Нэмэлт мэдээлэл болговол, 2024 оны байдлаар АНУ-ын орогнолын бодлогод хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд одоогоор ороод байна. Доналд Трамп ерөнхийлөгчийн засаг захиргаа илүү хатуу хяналт тавих, хилийн хамгаалалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаагаас дор сийрүүлбэл: 


1. "Catch and Release" журам хатуурсан байна

АНУ-Мексикийн хил дээр "Catch and Release" буюу баривчлаад суллах журмыг зогсоож, орогнох хүсэлт гаргагчдыг шууд саатуулах бодлого хэрэгжиж эхэлсэн. Үүний улмаас хил зөрчиж давах (cross border) хүсэлтэй хүмүүсийн тоо эрс буурч байна.

2. Гуантанамо дахь саатуулах төвүүд

АНУ-ын засаг захиргаа Гуантанамо Бэй-д шинэ саатуулах байгууламж барихаар төлөвлөж, 30,000 хүртэлх хүн саатуулах боломжтой болгож байна. Энэ нь хүний эрхийн асуудал дагуулах магадлалтай байгаа аж.

3. Орогнолын боломж хязгаарлагдав

АНУ-ын хил дээр орогнол хүсэх үйл явцыг улам чангатгаж, татгалзах тохиолдол нэмэгдсэн байна. Хуульчид, хүний эрхийн байгууллагууд энэ бодлогыг шүүхэд өгч, зарим хязгаарлалтуудыг эсэргүүцэж байгаа үйл явц өрнөж байна.

Эдгээр өөрчлөлтүүд нь АНУ-д орогнол хүсэх нөхцөлийг улам хүндрүүлж, бодлогын чиглэл эрс өөрчлөгдөж буйг харуулж байгаа аж. Тиймээс шинээр орогнол хүсэгчид илүү урьдчилан төлөвлөх, хүчтэй нотлох баримт бүрдүүлэх зэргээр ажиллах шаардлагатай болж байгааг салбарын мэргэжилтнүүд, хуульчид хөндөж байна. 




Танд хэрэг болох дээрх болон бусад мэдээллийн эх сурвалжууд: https://www.uscis.gov/humanitarian/refugees-and-asylum/asylum 


Disclosure: This article is not legal advice, and it's for an educational purpose.


 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page